Thursday, November 1, 2012

Sudden Infant Death Syndrome (SIDS) буюу Нярай хүүхдийн гэнэт нас барах хам шинж

SIDS гэж юу вэ? 

Нярай хүүхдийн гэнэт нас барах хам шинж буюу SIDS нь 1 нас хүртэлхи хүүхдийн нас баралтын гол шалтгаануудын нэг болоод байгаа юм. АНУ д жилд дунджаар 2300 нярай энэ шалтгааны улмаас нас бардаг бол Франц улсад 2005 оны байдлаар нас баралтын тоо 247 байсан байна. 


Эмч болон эрдэмтэд энэ хам шинжийн шалтгааныг одоогоор баталгаатай тогтоогоогүй байгаа боловч сэргийлж болох аргуудыг зөвлөсөөр ирсэн. Үүний ачаар Франц улсад л гэхэд 1992 онтой харицуулахад 72 хувиар буусан үзүүлэлт байдаг ажээ. Гэвч энэ төрлийн нас баралт нь өндөр хувь эзэлсэн хэвээр байгаа билээ. Энэ нь ямар нэгэн өвчин биш бөгөөд үхлийн шалтгаан нь олдоогүй (үхлийн газарт хийсэн шинжилгээ, задлан шинжилгээ болон нярайн өвчний түүхийг судлах зэрэг орно) 1 нас хүртэлхи хүүхдийн нас баралтыг хэлдэг. Уг хам шинжид 1ээс 4 сартай хүүхдүүд илүү өртдөг бөгөөд, нийт үхлийн 90 хувийг 6аас бага сартай хүүхдүүд эзэлдэг байна. Үүнийг манежен дахь эндэлт гэж нэрлэдэг нь хүүхдийн унтлагын цагаар голдуу болдогтой холбоотой.


SIDS нөлөөлөх гол шалтгаан юу вэ? 


Шинжээчид онцлох шалтгааныг хайсан хэвээр байгаа ч, тэдний үзэж буйгаар олон тооны хүчин зүйл үүнд: - Амьсгал болон нойрноос сэрэхийг зохицуулж байдаг тархины хэсэг нөлөөлөх магадлалтайг тогтоожээ. Гэнэтийн нас баралтын тоо өвлийн цагт ихэсдэг байна. Нярай хүүхдийн амьсгалын замын эрхтэн, зүрх болон нойрноос өөрөө сэрэх чадвар нь гүйцэд хөгжиж амжаагүй байдаг ба энэ үед зарим аюултай хүчин зүйлтэй нөхцөлд (доош нь харуулж унтуулах, зөөлөн ор дэрний хэрэгсэл хэрэглэх) орхисноос үүддэг байна. American Medical Association оос гаргадаг сэтгүүлд 2010 оны 2 дугаар сард нэгэн судалгаа нийтлэгдсэн нь : - Шинжээчид SIDS ээр нас барсан нийт хүүхдүүдээс тархины судланд байх ёстой хэмжээнээс бага тоны серотонин илэрч буйг олж тогтоосон байна. Серотонин нь амьсгал, зүрхний цохилт болон цусны даралтыг унтаж байх үед зохицуулдаг. Судалгаа үргэлжлэн хийгдсээр байгаа юм.


Зарим нярай SIDS-д илүү өртөх боломжтой юу? 


1ээс бага сартай нярай үүнд өртөх нь бага байдаг ба дийлэнхи хувийг 1ээс дээш 6аас доош сартай хүүхдүүд эзэлдэг. Хүүхэд томрохын хэрээр эрсдэл багасдаг ба 1ээс дээш насны хүүхэд үүнд өртөх нь тун ховор гэнэ. Ази гэр бүлд уг хам шинж нь бага тохиолддог болохыг зарим судалгаа үзүүлжээ. Судалгаанаас үзэхэд :


-Ээж нь 20 иос доош насны гэр бүлд илүү тохиолддог.

- Хүүхдийн хүйс: нийт нас барагсадын 60 гаруй хувь нь хүү байдаг.

- Дутуу төрсөн нярай (37 неделиэс өмнө төрсөн хүүхэд)

- Бага жинтэй хүүхэд (2.5кг аас дээшгүй төрсөн хүүхэд)
- Олон хүүхэдтэй айл ( хүүхдийн насны зөрүү ойр бол)
- Нярай урд өмнө нь гэнэтийн амь насанд аюултай байдалтай тулгарж байсан ( амьсгал нь тасалдаж зогсож байсан, нүүр нь хөхөрч эсвэл цайж байсан)


Эрсдэлээс сэргийлэх арга бий юу? 


Сэргийлэх баталгаатай арга байхгүй боловч, Америкийн Хүүхдийн Эмч нарын Хүрээлэнгээс гаргасан дараахь зөвлөгөөг дагаж эрсдэлийг багасгаж болох юм. Дээр дурдсанчилан Франц улсад унтлагын аюулгүй байдлыг сахин мөрдөснөөр 1992 онтой харьцуулахад уг үхлийн шалтгаан нь 72 хувиар буурсан билээ.


- Хүүхдийг нуруугаар нь хэвтүүлж унтуулах 


Хүүхдээ хамгаалах хамгийн гол түлхүүрүүдийн нэг. Хүүхдийн эруул мэнд болон хүний хөгжлийн үндэсний институтээс зохион байгуулсан Back to sleep аяны хүрээнд 1994 оноос нас баралтын тоо 50 хувиар буурсан. Доошоо харж унтдаг хүүхэд эрсдэлд өртөх магадлал нь 1.7 оос 12.9 дахин их байдаг. Нярай доошоо харсан үедээ хэт халууцдаг мөн пауз авч амьсгалан гаргасан агаараараа өөрөө буцаан амьсгалдаг нь хүчил төрөгчийн дутагдалд оруулах өндөр магадлалтай болгодог байна. Нярайг хүчээр хажуу тийш харуулж унтуулах хэрэггүй, хажуу байрлалаас хүүхэд амархан эргэж доошоо харсан байдалд ордог. Мэдээж хүүхэд 5 6 сар хүрэх үедээ өөрөө чөлөөтэй эргэж хөрвөөдөг болсон байдаг, энэ үеэс эрсдэл багасдаг учир санаа зовох хэрэггүй. Түүнийг нуруугаар нь унтуулах гэж хүчлэх хэрэггүй болно. Хүүхэдтэй ойрхон зөөлөн тоглоом, зөөлөн ор дэрний хэрэгсэл байхгүйг сайн шалгаарай. Ингэснээр бүтэхээс сэргийлнэ. Эцэг эхчүүдийн санаа зовдог нэг зүйл бол байнга дээш харснаас шалтгаалан толгойн ард хэсэг хэв алдаж хавтгайрдаг. Өдрийн цагаар хүүхдийг доош нь хангалттай харуулан хэвтүүлэх хэрэгтэй (мэдээж хэн нэгэн хажууд нь байгаа тохиолдолд).


- Хүүхдийн ор дэрний хэрэгслийг анхааралтай сонгох 


Нярайг хатуувтар тэгш гадаргуутай матрас, дэвсгэр болон гудсан дээр дэргүй унтуулах нь хамгийн зөв шийдэл юм. Гудсанд яг тохирсон угладаг даавуу сонгох хэрэгтэй. Түүнчлэн өд сөдөн хөнжил болон дэрнээс татгалз. Олон тооны судалгаа зөөлөн гадаргуутай гудас матрас, орны дэвсгэр зөөлөвч, буйдан, устай матрас болон төрөл бүрийн буудайтай дэвсгэрүүд SIDS өртөх магадлалыг өндөрсгөдөг. Том хүний матрас зөөлөн байх нь тун элбэг учир хүүхдэд тохиромжгүй. Хөнжил хэрэглэхээс аль болох татгалз, үүний оронд хүүхдээ дулаан хувцаслаж унтуулах нь зүйтэй. Битүү хөлтэй унтлагын хувцаснаас төрөл бүрээр нь сонгож унтлагын уутанд хийх нь хамгийн аюулгүй. Түүнчилэн машины зориулалтын суудал, бүүвэйлэгч, тэрэг болон бусад төрлийн хүүхэд саатуулагч дээр хүүхдийг удаан хугацаагаар унтуулахгүй байх.


Хүүхдийн хөлийг манежний доод хэсэгтэй тулгаж унтуулах нь хүүхэд хөнжилдөө шурган бүтэхгүй байхад тусална.


- Хүүхэдтэйгээ нэг өрөөнд унтах 


Хүүхэдтэйгээ цуг унтахыг зөвлөдөггүй учир нь эцэг эх тамхи татдаггүй байсан ч хүүхэд халууцаж бүтэх аюултай. Үүний оронд манеж орыг нь эцэг эхийнх нь ортой ойр байрлуулах нь зүйтэй.


- Хүүхдээ хэт халууцуулахгүй байх


Хүүхэд том хүнээс 1 давхар илүү хувцастай байхад хангалттай. Үүнээс илүү зузаалж бэгнэх хэрэггүй. Хэт хөлөрч, үс нь норсон байх нь халууцсан шинж тэмдэг мөн. Нярай дутуу төрсөн эсвэл бага жинтэй биш л бол малгай өмсгөх хэрэггүй.


- Төрөхийн өмнөх хяналтандаа байнга явах. 


- Жирэмсэн байх хугацаандаа тамхи, архи согтууруулах ундаа болон бусад хууль бус мансууруулах төрлийн бодис болон эмнээс татгалзах. 


- Хүүхдийг тамхигүй орчинд байлгах 


Хүүхдийн ойр орчим дахь агаарыг цэвэр байлгах хэрэгтэй. Гэртээ, машинд, гадаа гарсан ч тамхигүй орчинг сонго. Гэр бүлийн гишүүд тамхи татдаг бол гадаа гарч татахыг шаард. Хувцас, тавилга, эд хогшил, хивс хивсэнцэр болон машины суудалд шингэсэн тамхины утаанаас үлдсэн химийн бодисын аюулыг шинжээчид судалсаар байна.


- Хүүхэд бүх вакцинаа хийлгэх хэрэгтэй


Вакцин бүрэн хийлгэснээр SIDS магадлалын тал хувийг бууруулж чадна.


- Хүүхдийг аль болох хөхүүлэх.


Хэрэв боломжтой бол 6сар хүртэл хөхүүлэх хэрэгтэй. 2009 онд хийгдсэн нэгэн герман судалгаагаар хөхүүл хүүхэд SIDS өртөх магадлал бага байдаг.


- Хүүхэддээ соосог хөхүүлэх


Соосог хөхдөг хүүхдүүд SIDS д бага өртдөг болохыг судалгаагаар гаргасан. Гэвч мэргэжилтнүүд соосог SIDS тэй шууд хамааралтай эсэхийг тогтоож амжаагүй байна. Хүүхдийг унтуулахдаа соосог өгөх нь зөв гэж зөвлөдөг. Хүүхэд хүсэхгүй байвал хүчлэх хэрэггүй, мөн унтах үед соосгоо унагаахад ахин амруу нь хийх шаардлагагүй.


Хүүхэдтэйгээ цуг унтах нь SIDS өртөх эрсдэлийг өндөрсгөдөг үү?


Хүүхэд том хүнтэй унтах үедээ хэт халууцах тохиолдол маш их байдаг. Түүнчлэн том хүний ор дэрний хэрэгслүүд зөөлөн байдаг ба дэр, зөөлөвч гэх зэргээс бүрддэг. SIDS өртөх магадлалыг өндөрсгөдөг хүчин зүйлүүд:


- 3аас доош сартай нярай

- Хамт унтаж буй хэн нэгэн нь тамхичин байх эсвэл эх нь жирэмсэн байх хугацаандаа тамхичин байсан

- Хамт унтаж буй хэн нэгэн нь хэт ядарсан байх, эсвэл мансууруулах төрлийн эм болон бусад зүйлсийг хэрэглэдэг

- Хамт унтаж буй хүн нь эцэг эхийн аль нь ч биш байх эсвэл хүүхэд байх.

- Ор дэрний хэрэгсэл нь зөөлөн байх.


Харин зарим мэргэжилтнүүд хүүхэдтэйгээ хамт унтах нь эх хүүхдийн харьцааг сайжруулдаг ба хүүхэд ямар нэгэн зүйл хүсэхэд ээж хурдан хариу үйлдэл хийхэд тус нөлөөтэй гэж үздэг байна. Хэрэв хүүхэдтэйгээ хамт унтахаар шийдсэн бол дээрхи зүйлсийг орноосоо авч хаян, хянамгай байх хэрэгтэй. Мөн хүүхдийг ханан талд унтуулах хэрэггүй, хавчигдах аюултай.


Хүүхдийн өрөөний дулаан 16аас 20 градусын хооронд байх ёстой. Нимгэн унтлагын хувцастай унтлагын уутанд хийхэд хангалттай. Эсвэл зузаавтар унтлагын хувцасыг сонгоод хөнжилгүйгээр унтуулахыг зөвлье.



Source: Babycenter.com, babycenter.fr

No comments:

Post a Comment